2010 оны 1-р сарын 20-нд Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газар (МШХХТГ) -ын санаачлагаар Мэдээллийн технологийн Үндэсний Парк, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн холбоо хамтран зохион байгуулсан Монголын програм хангамж үйлдвэрлэгчдийн чуулга уулзалт МТҮП-ын хурлын их танхимд амжилттай болж өндөрлөлөө.
Тус уулзалтаар МШХХТГ-аас өнгөрсөн онуудад Цахим Монгол хөтөлбөрийн хүрээнд хийсэн ажлууд, энэ онд засгийн газрын санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, тендерүүдийн талаар мэдээлэл өгч, салбарын төлөөлөгчидтэй санал солилцсон юм.
МШХХТГ –ын дарга Ж.Сансар уулзалтыг нээж, хэлсэн үгэндээ, үндэсний програм зохиогч инженерүүдийн үүрэг нь улс орны хөгжлийн чиг хандлагад нэн чухал байр суурьтайг онцолж, ялангуяа төр засгийн цахим үйл ажиллагаа гадаадын програм хангамжийн компаниуд, тэдний бүтээлүүдээс хараат, хамааралтай байж таарахгүй бөгөөд үүнээс сэргийлэх цорын ганц зам бол зайлшгүй хийгдэхээс аргагүй цахимжуулалтын бүх үе шатанд үндэсний програмистуудыг татан оролцуулж, тэдний бүтээлүүдээр суурь шийдлүүдийг програмчлан эдийн засаг, нийгмийн хөгжлийн хурдасгуур болгох явдал болохыг дурьдлаа.
Уулзалтад бүртгэл мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох Үндэсний Хороо энэ онд болон ойрын хугацаанд хэрэгжүүлэх төслүүдээ танилцуулав. Албан бичиг тамгалж, гарын үсэг зурж, дугтуйлан солилцдог төрийн байгууллагуудын хоцрогдсон ажиллагааг цахим болгох систем, иргэнийг нэг утгатайгаар илэрхийлж чадах, өндөр нууцлалтай, олон хэрэглээ бүхий “ухаалаг карт”-ын технологид тулгуурласан иргэний үнэмлэхний систем, түүний уншилт, танилт, хяналтын системүүд, монгол хүмүүсийн бүхий л бүртгэл, мэдээллийг агуулсан цахим архивын систем, орон зайн мэдээллийн системийн дэд бүтцэд суурилсан хаягжилтын систем гэх мэт суурь програм хангамж шаардлагатай төслүүдийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцохыг үндэсний програм хангамж зохиогчид, үйлдвэрлэгчдэд уриаллаа.
Уулзалтын төгсгөлд нээлттэй хэлэлцүүлгийн үеэр салбарын төлөөлөгчдөөс олон сайхан санал санаачлагуудыг гаргаж хэлэлцсэн нь дотоод аутсорсингийг хөгжүүлэх тал дээр анхаарал хандуулах ёстойг сануулж байсан юм.
Илтгэлийн файлуудыг татах боломжтойгоор байршуулав.
| 890 Kb | |
| 530 Kb | |
| 212 Kb | |
| 400 Kb | |
| 382 Kb |
Сүүлд шинэчилэгдсэн (Баасан, 2010 Нэгдүгээр сар 22 09:37)
© 2009 NEC