Манай байгууллагын цахим хуудсанд зочилж буй эрхэм Таны амгаланг эрье. Та энд байна гэдэг манай байгууллагад орж ирээд, бидэнтэй нүүр тулан уулзаж буй хэрэг.
Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны технологийг хөгжүүлэх Монгол төрийн бодлого нь, тус салбарыг улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх, хүний хөгжлийг дэмжих үндсэн хэрэгсэл болгон, мэдлэгт суурилсан, мэдээлэлжсэн нийгмийн үндэс суурийг бүрдүүлэхэд чиглэж байна. Энэхүү төрийн бодлогоор манай байгууллагын эрхэм зорилго тодорхойлогддог юм.
Өнөөдөр та бид асар хурдтай мэдээллийн технологийн эринд амьдарч байна. Энэ хурд нийгэм, эдийн засгийн бүх салбарт нэвтрэн, та бидний өдөр тутмын ажлын бүтээмжийг түргэн шуурхай болгосноор хөгжил хурдсах сайхан боломж нээгдэж байна. Энэ боломжийг өргөжүүлэн, улс орны бодлого боловсруулах, хэрэгжүүлэхээс эхлээд сурч боловсрох, эрүүл мэндээ хамгаалах, нийгмийн халамж, хамгаалал хүртэх, ажил хөдөлмөр эрхлэх, бизнес хийх гэх мэт бүхий л харилцааг интернэтийн хурдад шилжүүлэхэд бидний ажлын зорилго оршдог юм.
Сүүлийн жилүүдэд бидний явуулсан зах зээлийн эрүүл орчин, шударга өрсөлдөөнийг бий болгох бодлого, зохицуулалтын үр дүнд утасгүй холбооны сүлжээнд 3 дахь үеийн /3G/ технологи нэвтэрсэн, орон даяар телевизийн 10 сувгийн нэвтрүүлэг цацагдаж эхлэсэн, гар утас, интернэтийн газарзүйн зайны ялгаваргүй тариф мөрдүүлэх болсон, интернэтийн олон улсын олон гарцтай болж, багтаамж хоёр дахин нэмэгдсэн, шилэн кабелийн дамжуулах сүлжээ өргөжиж Монгол улсын бүх аймаг, сум, суурин газруудад хүрэхээр цахилж яваа, програм хангамжийн компаниуд маань олон олон шинэ бүтээлийг хэрэглээнд нэвтрүүлсэн гэх мэт “гарт баригдаж, нүдэнд үзэгдэхүйц" ололт амжилт олсныг дурдахад таатай байна. Иргэд, олон нийт ч мэдээлэл солилцох, дамжуулах, хил хязгааргүйгээр аливаа мэдээллийг хүлээн авах, хүртэх, ашиглах явдлыг амьдралын чиг хандлага, өдөр тутмын хэрэглээ, хөгжлийн хөшүүрэг, ирээдүйн гарц гэж үзэн, идэвхитэй байр суурь баримтлах явдал түгээмэл болжээ.
Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын болон манай салбарын нийт хамт олон өмнөх жилүүдэд олсон ололт, хүрсэн үр дүнгээ бууруулахгүй, харин ч улам дээшлүүлж, зогсолтгүй урагшлахыг эрмэлзэн ажилладаг юм. Салбарын маань нийт байгууллагын 80 гаруй хувь нь бизнесийн байгууллагууд. Тийм ч учраас төр, хувийн хэвшлийн шударга, ардчилсан, ил тод, хуулиа дээдэлсэн, зөв, нийцтэй түншлэлийн үлгэр жишээ болохуйц хамтын ажиллагаа, ажил хэрэгч хэлхээ харилцааг өргөжүүлэх нь манай байгууллагын эрхэмлэх зарчим болдог юм.
Танд зориулан хийж буй бидний ажлын урагшлан буй алхам бүхэн хэн бүхний нүднээ, энэхүү цахим хуудаснаа нээлттэй буй. Зочлон байгаа энэ цахим хуудсаар дамжин манай байгууллага, цаашлаад манай салбарт тавтай морилно уу.
Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын
дарга Ж.Сансар
Сүүлд шинэчилэгдсэн (Пүрэв, 2010 Нэгдүгээр сар 14 11:08)
© 2009 NEC